Элэг яагаад чухал вэ?
Элэг нь баруун талын өрцөн дор оршдог 1500 гр орчим жинтэй эрхтэн юм. Элэг нь хүний биед маш олон чухал үйл ажиллагааг гүйцэтгэдэг. Түхайлбал, элэг бидний идсэн хоол ундыг биед хэрэгтэй энерги болон тэжээл болгож бэлтгэдэг. Мөн цусан дахь хорт бодисыг гадагшлуулж биеийг хоргүйжүүлдэг.
Элэгний В вирүс гэж юу вэ?
В вирүсээр үүдсэн элэгний үрэвслийг В вирүст хепатит буюу хүмүүсийн ярьж заншсанаар элэгний В вирүс гэнэ. В вирүс нь элгийг үрэвсүүлж хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг. Халдвар авсан насанд хүрэгчдийн 95% нь 6 сарын дотор ямар нэгэн эм хэрэглэлгүйгээр бүрэн эдгэрдэг бол 5% нь элэгний архаг үрэвсэлтэй болж хоцордог. В вирүсийн халдвартай эхээс төрсөн хүүхэд халдвар авах улмаар архагших эрсдэл ѳндѳртѳй. Архаг B хепатит нь элэгний хатуурал, хавдар улмаар элэгний дутагдалд хүргэдэг.
Хэн халдвар авах эрсдэлтэй вэ?
Хепатитын B вирүсийн халдвартай биеийн шингэнтэй /цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл/ шууд хүрэлцсэн хэн ч өвдөх эрсдэлтэй.
В вирүсийн халдвартай эхээс төрсѳн хүүхдүүд
Халдвартай хүний цус зэрэг биеийн шингэнтэй хүрэлцсэн хүмүүс
Халдвартай хүнтэй амьдарч байсан болон амьдарч байгаа хүмүүс
Халдвартай хүнтэй хамгаалалтгүй бэлгийн харьцаанд орох
Бэлгийн олон хавьтагчтай хүмүүс болон бэлгийн замаар дамжих халдвартай хүмүүс
Мансууруулах бодис, эм хэрэглэж байсан болон хэрэглэдэг хүмүүс
Шоронгийн хоригдол болон шоронд ажиллаж байсан хүмүүс
Гемодиализ хийлгэж байсан хүмүүс
Хепатит В-тэй үед ямар шинж тэмдэг илэрдэг вэ?
Элэгний В вирүсийн халдвартай ихэнх хүнд удаан хугацаагаар ямар ч зовиур илэрдэггүй нь энэхүү ѳвчний нэг аюул юм. Олонхи тохиолдолд хэвлийгээр ѳвдѳх болон арьс салст, нүдний цагаан шарлах шинж тэмдэг илэрч эмчид хандах үед ѳвчин орой үедээ орсон байдаг. Иймээс эрт оношлуулах нь энэхүү ѳвчнѳѳс хамгаалах хамгийн чухал алхам юм.
Хепатит В вирүсийг хэрхэн оношлох вэ?
Хепатит В вирүсийн халдвартай эсэхийг цусны шинжилгээгээр оношлодог. Цусны шинжилгээнд биед байгаа В вирүсийн эсрэг-бие, эсрэг-төрөгчийг тодруулдаг. Элэгний В вирүсийн эсрэг-бие нь таныг энэ ѳвчнѳѳс хамгаалагдсан эсэхийг тодорхойлдог бол эсрэг-тѳрѳгч нь таныг вирүс тээгч эсэхийг тогтоодог.
Хепатит В вирүсийг хэрхэн эмчлэх вэ?
Цочмог В хепатит
Хэвтрийн дэглэм сахих, шингэн сайн уух, эрүүл зөв хооллож, архи согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй. Цочмог В хепатитын үед эмийн зүйлс тухайлан шаардлагагүй байдаг. Гэхдээ вирүс бүрэн эмчлэгдтэл та эмчийн хяналтанд байх нь зүйтэй.
Архаг В хепатит
Архаг В хепатитын эмчилгээний хэд хэдэн хувилбар байдаг. Үүнд тенофовир, адефовир дипивоксил, интерферон алфа 2в, пег-интерферон, ламивүдин, ентекавир болон телбивудин зэрэг эмүүд юм. Эдгээр эмүүдийг зѳвхѳн эмчийн хяналтан дор хэрэглэх ёстой. Хэрэв та элэгний В вирүстэй бол элэгний хорт хавдрын шинжилгээ хийлгэх болон хепатитын А вирүсийн эсрэг вакцинд хамрагдах талаар эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.
Хепатит В-ийн тархалтыг зогсоох хамгийн шилдэг арга юу вэ?
Хепатит В вирүсийн эсрэг вакцин нь халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга юм. Хепатит В-ийн вакциныг 3 тунгаар хийдэг. Эхний тун болон 2 дахь тунгийн хооронд 1 сарын зайтай байдаг ба сүүлийн тунг 6 сарын дараа хийдэг.
В хепатитын тархалтыг зогсоох бусад арга зам:
Хэрэв та жирэмсэн эсвэл жирэмсэн болохыг хүсэж байгаа бол шинжилгээ хийлгэх
Зүү тариурыг дахин хэрэглэхгүй байх
Аюулгүй бэлгийн хавьталд орох
Сахлын хутга, шүдний сойз болон бусад хувийн эд зүйлсийг бусадтай хуваалцахгүй байх
Шивээс хийлгэх болон бусад арьс салст гэмтээх ажилбарт зөвхөн ариун зүү, тоног төхөөрөмжийг ашиглах
Та В хепатиттай бол, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахдаа эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй
Хэн хепатит В-ийн эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой вэ?
В хепатитийн эсрэг вакцин хийлгэсэн байх ёстой хүмүүс:
Нярай болон бусад насны хүүхдүүд
Хепатитын В вирүсийн халдвараар өвчлөөгүй хүмүүс
ХДХВ-ийн халдвартай хүмүүс
Эрүүл мэндийн болон онцгой байдлын ажилтан, цэргийн ажилтнууд
Гемодиализ хийлгэдэг хүмүүс
Шоронгийн хоригдол болон шоронд ажиллаж байсан хүмүүс
Бэлгийн олон хамтрагчтай хүмүүст