Элэгний хавдар гэж юу вэ?
Элэгний эрүүл бус эсүүд өсч үржихийг элэгний хавдар гэнэ. Элэгний хорт хавдар өөр бусад эрхтэнд очиж байрлан үржиж байгааг элэгний үсэрхийлсэн хадвар гэдэг. Манай улс элэгний хорт хавдраар дэлхийд хамгийн ѳндѳр нас баралттай орон юм. Монгол улсад жил бүр 1800 орчим хүн элэгний хорт хавдартай гэж оношлогддог. Зѳвхѳн 2012 онд 1619 хүн элэгний хорт хавдраар нас барсан тѳдийгүй энэ тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.
Элэгний хавдрын шалтгаан нь юу вэ?
Элэгний хавдар үүсгэдэг хэд хэдэн хүчин зүйл байдаг.
Манай улсад архаг архидалт болон архаг В, С, Д вирүст хепатит шалтгаантай элэгний хатуурал нь хавдрын тэргүүлэх шалтгаан болж байна.
Архаг В, С, Д вируст хепатит урт хугацааны туршид элгийг гэмтээж элэгний хатуурал улмаар хорт хавдар үүсгэдэг байна. Архаг В вирүст хепатит элэгний хатууралгүйгээр шууд элэгний хавдар үүсгэх тохиолдол нилээд байдаг.
Таргалалт нь элэгний хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
Чихрийн шижин ялангуяа вирүст хепатиттай болон архи их хэмжээгээр хэрэглэдэг чихрийн шижинтэй хүмүүст элэгний хавдар үүсэх эрсдэл ѳндѳр юм.
Элэгний хавдар яаж илэрдэг вэ?
Элэгний хорт хавдар нь сүүлийн шат хүртлээ шинж тэмдэг илэрдэггүй. Өвчтөнд ядарч сульдах, гэдэс царайх, нуруу ба мөр болон хэвлийн баруун дээд талд өвдөх, дотор муухайрах, хоолны дуршил буурах, мэдрэмж өөрчлөгдөх, турах, сульдах, халуурах болон арьс салст, нүдний цагаан шарлах зэрэг зовиурууд илэрнэ.
Элэгний хавдрыг яаж оношлодог вэ?
Элэгний хавдрыг ихэвчлэн биеийн үзлэг болон дүрс оношлогооны шинжилгээгээр оношлодог. Элэгний хавдар гэсэн оношийг батлахын тулд эмч нар цусны шинжилгээ, хэт авиа болон компьютер томографи /КТГ/, соронзон резонанст томографи/MRI/, ангиографи зэрэг шинжилгээ хийдэг. Шаардлагатай тохиолдолд эмч элэгний биопси буюу эдийн дээж шинжилгээ авч хавдрын эсийн тѳрѳл зэргийг нарийвчлан тогтоож болно.
Элэгний хавдрын эмчилгээ
Элэгний хавдрын эмчилгээнд доорхи хүчин зүйлс чухал нѳлѳѳтэй. Үүнд:
Элэгний ерѳнхий байдал
Хавдрын хэмжээ, байрлал, тоо
Хавдар элэгнээс бусад эрхтэнд тархсан эсэх
Өвчтөний нас, эрүүл мэндийн байдал
Хэрвээ хавдар бусад эрхтэнд үсэрхийлээгүй, элэгний хавдаргүй хэсэг нь эрүүл тохиолдолд дараах эмчилгээнүүдийг хийх боломжтой байдаг:
Элэг шилжүүлэн суулгах
Хавдар нь бага тархацтай зарим ѳвчтѳнд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ нэг сонголт байх боломжтой байдаг.
Мэс засал
Хорт хавдрыг эрт илрүүлсэн, элэгний хавдаргүй хэсэг нь эрүүл тохиолдолд хавдартай хэсгийг тайрах хагалгаа хийдэг. Мэс засал хийлгэх ба элэг шилжүүлэн суулгах боломжгүй тохиолдолд дараахи эмчилгээний хувилбарууд бий. Үүнд:
Хөлдөөх мэс засал
Хавдрын эсийг хөлдөөж устгах мэс засал хийдэг.
Радиодолгионоор шарах эмчилгээ
Радио долгион ашиглан хавдрын эсийг түлэх эмчилгээг хийнэ.
Этанол эмчилгээ
Элэгний хавдрын эсийн эмчилгээнд этанолыг ашиглан устгах эмчилгээ.
Хими эмчилгээ буюу хими эмболизаци
Хавдрын эсийг химийн тариа ашиглан устгах эмчилгээ. Зарим тохиолдолд элэгний хавдрын голомт дотор хими тариаг тарьж болдог.
Туяа эмчилгээ
Туяа эмчилгээ ашиглан /өндөр энергитэй Х-туяа/ хавдрын эсийг устгах эмчилгээг хийнэ.
Сорафениб /Нексавар/
Сорафениб нь элэгний эсийн гаралтай хавдрын үед амаар уудаг эм юм.
Элэгний хорт хавдрын эрсдэлийг бууруулах хамгийн сайн арга нь юу вэ?
Элэгний хорт хавдрын эрсдэлийг бууруулахын тулд:
Элэгний нарийн мэргэжлийн эмчид тогтмол үзүүлж байх
Хепатит А ба В вирүсийн эсрэг урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдах
Хепатит В, С вирүсийн халдвараас сэргийлэх
Хэрэв та элэгний архаг үрэвсэл, хатуурал өвчинтэй бол, эмчийн зөвлөмжийг дагаж эмчилгээ хийлгэх, элэгний хорт хавдрын шинжилгээ тогтмол хийлгэж байх
Хэрэв та илүүдэл жинтэй, чихрийн шижинтэй эсвэл архи их уудаг бол хорт хавдрын шинжилгээ хийлгэж элэгний эрүүл мэндийн талаар эмчтэйгээ ярилцах хэрэгтэй.