Элэгний хатуурал гэж юу вэ?
Элэгний эрүүл эд гэмтэж сорвижилт үүсэхийг элэгний хатуурал гэнэ. Элэгний хатуурал нэмэгдэх тусам элэгний эрүүл эд багасч элэгний үйл ажиллагаа мууддаг. Энэ үйл явц даамжирсаар элэгний хэвийн үйл ажиллагаа алдагдаж улмаар элэгний дутагдалд ордог.
Хатуурлын шалтгаан нь юу вэ?
Удаан хугацаанд элэгний архаг үрэвсэлтэй, элэгний эдийн гэмтэлтэй байх нь хатуурал үүсэх шалтгаан болдог. Элэгний хатуурал үүсгэх гол шалтгаануудад архаг архидалт, элэгний архаг вирүст хепатит, архины бус шалтгаант элэгний ѳѳхлѳлт, цѳсний сувгийн ѳвчнүүд болон удамшлын ѳвчнүүд ордог. Эдгээрээс манай оронд элэгний архаг В, С, Д вирүст хепатит болон архаг архидалт зэрэг нь элэгний хатуурал үүсэх гол шалтгаан болж байна.
Элэгний хатуурлын шинж тэмдэг ба хүндрэл нь юу вэ?
Элэгний хатуурал нь эрт үедээ ѳвчтѳнд тодорхой шинж тэмдэг зовиур ѳгдѳггүй. Харин цаг хугацаа өнгөрөх тусам хатуурлын шинж тэмдэг, зовиур нэмэгдэж хүндрэл үүсдэг.
Ѳвчтѳнд илрэх гол зовиур нь:
Хоолны дуршил буурах
Ядарч сульдах
Дотор муухайрах
Биеийн жин буурах
Хэвлийгээр өвдөх
Хэвлийн судас тодрох
Арьс загатнах
Хүндрэлүүд:
Арьс, салст, нүдний цагаан шарлах
Цөсний чулуутай болох
Шүд сойздож угаах үед амархан цус гарах
Хөл хавагнах, хэвлийд шингэн хурах /асцит/
Ухаан санаа самуурах
Элэгний хатуурлыг яаж оношлох вэ?
Элэгний хатуурлыг оношлохдоо ѳвчтѳний зовиур, биед илэрч байгаа шинж тэмдэг, цусны шинжилгээ, өвчний түүх ба ерөнхий үзлэг зэрэгт тулгуурлана. Элэгний эдээс дээж шинжилгээ авч эдийн гэмтэл, элэгний хатуурлын зэргийг тодруулдаг.
Элэгний хатуурлын эмчилгээг яаж хийх вэ?
Элэгний хатуурлын эмчилгээ нь элэгний эдийн гэмтэлийн үе шат ба шалтгаанаас хамааран харилцан адилгүй байдаг. Эмчилгээний гол зорилго нь элэгний гэмтлийн шалтгааныг арилгах, гэмтлийг бууруулах ба хүндрэлээс сэргийлэхэд оршдог. Элэгний хатуурал хүнд үедээ орсон буюу элэгний үйл ажиллагааны дутагдалд орсон тохиолдолд элэг шилжүүлэн суулгах хэрэгтэй болдог.
Элэгний хатууралтай ѳвчтѳн амьдралын эрүүл хэв маягтай байх хэрэгтэй
Элэгний хатууралтай өвчтөнүүд элгээ хайрлаж эрүүл амьдралын хэв маягыг баримталснаар элэгний нэмэлт гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм.
Эрүүл амьдралын хэмнэлийг эрхэмлэж зөв хооллож, биеийн тамир дасгал хийж байх
Хэвлийд шингэн хуралдахаас сэргийлж хоолны давсыг хязгаарлах
Түүхий далайн бүтээгдэхүүнээс татгалзах
Архи уухыг хориглох
Эм, витамин болон нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх эсэхээ эмчтэйгээ зөвлөх
А болон В вирүст хепатитын эсрэг вакцинд хамрагдах талаар эмчтэйгээ зөвлөх
Аюулгүй бэлгийн харьцааг эрхэмлэх
Шивээс болон чих цоолохдоо цэвэр зүү ашиглах
Бусадтай зүү, сахлын хутга, шүдний сойз болон бусад хувийн эд зүйлсийг хуваалцахгүй байх